ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ

Либерал Эмэгтэйчүүди йн Оюуны сан байгуулагдсан цагаасаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1992 оноос эмэгтэйчүүдээ улс төрд бэлтгэж, 1995 онд ЛЭОС- ийн 5 гишүүн УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.

1993-2023 онд Эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийн амжилттай хэрэгжүүлж, 21 аймагт аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ЛЭОС- ийн гишүүд сонгогдож, Төрийн захиргааны байгууллагад шийдвэр гаргах түвшинд амжилттай ажиллаж ирсэн юм.

ЛЭОС 2013-2015 онд НҮБ-ын ЭЖТБ-ын сангийн дэмжлэгээр “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 21 аймагт 655 эмэгтэйг сургаж бэлтгэсэн бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын нэг нь аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж, тэднээс 2 эмэгтэй тутмын 1 нь ялалт байгуулж, энэхүү сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдээс 2016 онд 74 эмэгтэй орон нутгийн сонгуульд 1 эмэгтэй УИХ-д сонгогдсон юм.

2020 оны сонгуулийг угтаж  БНОУХ(IRI) байгууллагын дэмжлэгээр“Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төр, сонгуулийн оролцоог идэвхижүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, “Ардчиллын хакатон”, “Бүс нутгийн диалог” цуврал арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж, 21 аймагт 5000 гаруй залуучуудад хүрч ажиллласнаар сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн юм.   

2024 оны сонгуулийг угтаж, Дэлхийн банк болон “Дэлхийн банкны Залуучуудын инновацийг дэмжих сан”-ийн тэтгэлгээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх 3 хоногийн bootcamp сургалтыг  зохион байгуулсан бол энэхүү сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдээс 20 эмэгтэйг өөрсдийн нөөц боломжоор 2024 он хүртэл “Улс төрийн манлайллын хөтөлбөр”-т хамруулан бэлтгэсэн юм. Эдгээр 20 эмэгтэйчүүдээс 1 нь УИХ-д, 11 нь аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХед нэр дэвшин өрсөлдөж, 6 ялалт байгуулан, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Түүнчлэн энэхүү хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүдээс 5 нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад албан тушаал дэвшин амжилттай ажиллаж байна.

Ийнхүү ЛЭОС–ийн бэлтгэсэн олон эмэгтэйчүүд улс орныхоо хөгжил дэвшилд  хувь нэмрээ оруулж, нийгмийн сайн сайхны төлөө эх орны өнцөг булан бүрд бүтээлчээр ажиллаж байна.